Tuesday, February 6, 2007

Компаний ажилтан бүрдээ ЗААВАЛ ЭРХЭМЛҮҮЛЭХ 7 зүйл.

Угаас хүнд байвал зохилтой эрхэм зан, чанарууд дээр л үндсэлсэн Японы, Байгууллагын менежментийн нэгэн хэсэг нь дор дурдсан 7 зүйлээс эхлэнэ.

1. Бие биенийгээ vл хvчирхийлэх.

Юу ч болж, бусад чинь яаж ч асаж байсан чи тайван байх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл өөрт хүсээгүй зүйлээ Хүнд бүү хийж бай. Тэр нь хүчирхийлэл хүчирхийллийг өдөөдөг гэсэн зарчимтай агаар нэгэн зүйл юм. Байгууллагын дотор огтоос хүйтэн уур амьсгал орох нүх сүв бүү үлдээ.

2. Хөгжөөн наргиантай байх

Хүн инээж байхдаа муу зүйл огт боддоггүй юм. Чин сэтгэлээсээ инээж буй хүн хэзээ ч үргэлжлүүлэн буруу зөрүү зүйл бодож чаддаггүй нь судалгаагаар аль эрт тогтоогдчихсон хэрэг. Хөгжөөн наргиантай байлаа гээд муу зүйл юу байх вэ. Ер нь ачаалалтай ажлын дундуур хэсэгхэн боловч хөгжилдөж наргих нь асар их тайвширал, амралт болдог юм шиг санагддаг юм.Цагаа олсон инээд хүнд эм болдог юм. Инээд нь сэтгэлийн ханыг нурааж, мөсийг хайлуулах ч шидтэй байдаг.

3. Харилцан хvндэтгэлтэй байх

Энэ бол маш чухал. Хүнийг хүндэтгэж байж өөрийгөө хүндлүүлэхийн талаар яриад ч яах вэ. Нэг нэгнээ өчүүхэн ч хүндлэхгүй байгаа хамт олон үр бүтээлтэй байх нь огт үгүй. Нэгнийхээ өмнөөс гар далайж, өш зангидах аваас гарцаагүй тэд мөхлийн зүг яваагаас өөрцгүй. Нэг гараараа нөгөө гараа барьж сурсан нь л чамд өлзийтэй. Альваа бизнесийн байгууллага төдийгүй найз нөхдийн хүрээнд ч бас энэ зарчим нэгэн адил үйлчилнээ. Компани дотор ч гэсэн зэрэг дэв, ах захын ялгааг огтоос алдагдуулж үл болно. Эс чадваас эвдрэлийн үүдийг нээж байнаа гэсэн үг. Нэгнээ харилцан хүндэтгэхгүй байгаа бол нэгнийхээ хэлснийг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллана гэж бодох ч хэрэггүй.Тиймээс анхнаасаа байгууллага дотроо ах зах, зэрэг дэвийн холбогдлыг сайтар төлөвшүүл. Цаашид шинээр орж ирж буй ажилтан бүр тэр л зарчмыг дагаж мөрддөг. Тэр л хуулинд захирагддаг байх ёстой.

4. Нэг нэгэндээ сайхан сэтгэлээр хандах

Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос байдгаа гэдэг. Анддаа муу зүйл саналаа гээд чамд хожих зүйл хэр их байна гэж. Энэрэн нэгүүлсэх, хайрлан халамжлах гэдэг огтоос буруу зүйл биш. Би энд Д.Карнегийн зарчмыг тулгах гээд байгаа зүйл огтоос байхгүйг уншигч авхай та анхаараарай. Угтаан бол би АнтиКарнеги. Гэлээ гэхдээ бас зөв зүйлд муйхраар зүтгээд байдаг хүнч бас биш. Ер нь нэгэндээ муу санаад, хардаж сэрдээд суугаад байгаа хүмүүсийн дунд үл үзэгдэгч хана санаанд оромгүй хурдаар босдог юм. Нэг нь нэгнийхээ төлөө, Нэг нь нийтийнхээ төлөө, Нийт нь нэгнийхээ төлөө байдаг тийм л баг амжилтын тэргүүлэгчид байж чаддаг юм билээ. Магадгүй хэн нэгэн чамд муу зүйл хийлээ ч гэсэн чи заавал тэр хэмжээнд нь эргүүлэн муу санах ашиггүй. Харин өшөөгөө авъя л гэж бодож байгаа бол зөвөөр, сайнаар ав. Байгууллагын дотор нэг нэгэндээ хөндий хүйтэн харьцаж байгаа байдал ажиглагдаж байвал тэрийг нэн даруй таслан зогсоох талаар өөрөөс шалтгаалах бүхнээ хийх ёстой. Хэрхэн гэдгийг хэлхэд хэцүү. Ухаалаг менежер бол өөрөө хэрхэн гарах арга замыг эрэлхийлээд олчихно.

5. Нэг нэгэндээ vнэнч, шударга байх

Хамгийн сайхан зүйл бол нэг нэгэндээ үнэнч, нэг нэгэндээ шударга ханддаг байх явдал юм. Ямар ч үед нэгнээсээ уравдаггүй, нэгнээ худалддаггүй мужик байхыг хичээ. Мужик мужикаараа төрдөг гэдэг, мужик төрөөгүй ч гэсэн мужик байж сурах хэрэгтэй. Яаж гэж үү??? Өөрөө бодож ол. Байнга халуун будаа иднэ гэж юу байх вэ. Эр хүн эр хүнээрээ үлдэж чадах л хамгийн нандин чанар. Үүнийг тэр бумаар ч үнэлэхэд багадана. "Жинхэнэ нөхөрлөл хий атаархалыг мэддэггүй, Жинхэнэ хайр худал сээтгэнэхийг тэвчдэггүй" гэсэн Ларошфуко-гийн хэлсэн үг Их сургуулийн маань нэг хананд өлгөөтөй байдагсан...Нэг нэгнийхээ өмнө худал дүр эсгэдэггүй, нэгнийхээ алдаа дутагдлыг өөрөөс нь нууж хаадаггүй, хазайсан талаас нь нөхрөө түшээд авдаг, ханарсан үед нь өргөөд босгодог. Эрэг нурж, итгэл алдарсан ч эргээд нөхөддөө үнэнч байна гэдэг жинхэнэ эр хүний нэр төрийн хэрэг ээ.

6. Бие биенээ сонсож, буулт хийж чаддаг байх

Хүнээс үг дуулах сайхаан. Альваа хэрүүл тэмцэлд ялагч гэж байдаггүй. Асуудлыг өргөн далайцтайгаар харж, нэгнийхээ үгийг гүйцэд сонсож, харилцан буулт хийж, асуудлаа хамтын хүчээр шийдэж чаддаг баг бүхнийг давж чаддаг. Зарим үед үнэн үг үнэхээр хатуу байдаг. Харин үнэн үг сэтгэлд хатуу ч явдалд тустай байдаг юм билээ. Хүнд үг хэлэхдээ ч гэсэн бас бодож л байх хэрэгтэй. Мэсний шарх илаарших боловч Үгийн шарх үл илаарших үе байдаг юм шүү. Ер нь нэгэндээ буулт хийлээ гээд чи буруудаад байх нь хайшаа ч юм. Гэхдээ үргэлж юм бүр дээр бууж өгөөд бай гэсэн үг биш юм шүү. Гагцхүү гарцаагүй зүйл дээр буулт хийж галыг намжаасан нь дээр байдаг. Харин дараа нь жинхэнэ ярих зүйлээ ярилцаж, бурууг нь харж, буртгийг нь угаах хэрэгтэй. Ухаантай хүн гурав сонсож нэг ярьдаг. Хашир хүн долоо хэмжиж нэг огтолдог.

Ингээд эцэст нь...

7. Бие биендээ халамж тавих

Сэтгэлээрээ нэг нэгнээ халамжилдаг байвал багийн уур амьсгал тогтуун, энгийн, эрүүл байж чадна. Нэг нэгнээ гэсэн сэтгэл л байх хэрэгтэй дэ...


Дээрх зарчмуудыг би өөрийн хэмжээндээ нэвтрүүлэх гэж их хичээж байгаа. Та ч гэсэн оролдоод үзээрэй. Ямар ч байсан алдахгүй.

Миний хувьдаа хийсэн дүгнэлтээр бол дээрх 7 зарчим нь явж явж нэг л зүйлд очиж зангидагдаж байдаг. Тэр нь хувь хүний УХАМСАР.

Өвөг эцэг минь аавд сургаж, Аав минь надад уламжилан сургасан нэг зүйл нь: "Хүн мөнгөөр дутаж болно, түүнийг аргалж болдог. Харин хүн ухаанаар дутах хэцүү. Тэрийг яаж ч хичээгээд аргалж болдоггүй юм, Хамгийн гутамшигтай юм бол ухаан дутах" гэж билээ. Тэгэхлээр яван явсаар УХААН, УХАМСАР гэдэг зүйл л хамгийн эцсийн цэг болж таарч байна. Эцэст нь хэлхэд голобус-даа ухамсаргүй л хүн бол ухамсаргүй л хүн байдаг...Илжигний чихэнд алт ч хийсэн сэгсэрч, ус ч хийсэн сэгсэрч байдгаас хойш...хэ хэ хэ...

No comments: